Уг уралдаан нь НҮБ-ээс 2010 оныг Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын жил болгосонтой уялдуудан Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтдыг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих, жигүүртэн амьтдын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байв.
УРАЛДААНД ИРҮҮЛСЭН ФОТО ЗУРГУУДЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Энэ жилийн уралдаанд 8 орны (Монгол, Орос, Герман, АНУ, Англи, Франц, Өмнөд Солонгос, Унгар) 26 оролцогсод нийт 65 зүйлийн 90 фото зураг ирүүллээ. Оролцсон хүмүүсийн дунд аялал жуулчлалын хөтөч, дөнгөж эхэлж байгаа шувуу ажиглагчдаас эхлээд мэргэжилийн шувуу судлаачид, их дээд сургуулийн оюутанууд зэрэг төрөл бүрийн мэргэжилийн хүмүүс байлаа.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг зургийн чанар болон тухайн зүйлийн ховор нандин байдал зэргийг харгалзан байр эзлүүлэв.
2010 оны Монголын шувууны фото зургийн уралдааны тэргүүн байрыг шувуу ажиглагч Х.Түмэндэлгэр Өмнөговь аймгийн Говь Гурван Сайханы Байгалийн цогцолбор газарт орших гурван үзэсгэлэнт уулсын нэг болох Зүүнсайхан хэмээх ууланд авсан Алтайн хойлогийн Tetraogallus altaicus зургаараа эзэллээ. Түүний авсан хойлогийн зураг нь өндөр уулын энэ ховордож байгаа шувууны хувьд маш сайн ховор фото болсон байна. Тэрбээр манай уралдаанд Хималайн хажир болон хэрмийн бялзуухай зэрэг хэд хэдэн сайхан зургаа ирүүлсэнийг та бүхэн үзэж сонирхоорой.

Уралдааны хоёрдугаар байрыг Өмнөд Солонгосын шувуу судлаач доктор Паек Вон Ки эзлэв. Тэрбээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт өндөр ууланд аялаж явахдаа Урианхайн хиазат Charadrius morinellus хэмээх энэхүү ховор зүйлийн зургийг тус сайхан авчээ.

Гуравдугаар байрыг Стив Класан гэдэг Герман улсаас ирсэн шувуу ажиглагч эзлэв. Тэрбээр Монголд шувуу ажиглах аялалаар энэ жил ирсэн бөгөөд Дорнод аймгийн Буйр нуурын хөвөөнд хоорондоо ноцолдож буй Шартүрүүт элсэг Calidris ruficollis хэмээх шувуутай их өвөрмөц агшинд тохиолдож гэрэл зургандаа буулгаж авсан байна.

Уралдааны тусгай шагналыг Т.Баттулга авав. Тэрбээр манай залуу шувуу ажиглагч нарын нэг бөгөөд энэ уралдаанд хэд хэдэн сайхан зураг ирүүлсэн. Түүний Самарч шаазгайн Nucifraga caryocatactes зураг их сайхан гарсан байна. Мөн Баттулгын Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байх нэгэн жижиг нууранд авсан далавчаа дэвж байгаа гангар хунгууд, нуурын эрэг дээрх айлын гэр нь Монгол орны хөдөө нутгийн нуур бүхий газрын жинхэнэ дүр зургийг шингээсэн сайхан фото болжээ.

Уралдаанд шалгарсан хүмүүст дараах шагналыг гардуулав:
1 байр: Гэрчилгээ, Марк Бразилын “Зүүн Азийн шувуудыг таних ном: Зүүн Хятад, Тайван, Солонгос, Япон, Зүүн Орос” гэсэн алдартай ном, мөн “Монгол орны шувуудад чухал газрууд” ном.
2 байр: Гэрчилгээ, “Монгол орны шувуудад чухал газрууд” ном.
3 байр: Гэрчилгээ, “Монгол орны шувуудад чухал газрууд” ном.
Тусгай шагнал: Гэрчилгээ, “Монгол орны шувуудад чухал газрууд”, “National Geographic Шувуу ажиглахын үндэс” номууд.
Түүнчлэн дээрх шалгарсан хүн бүр саяхан Монгол хэл дээр хэвлэгдэж гарсан Н.Цэвээнмядаг, Б.Нямбаяр, Ц.Мөнхзул нарын “Монгол орны түгээмэл шувуудыг таних ном” тус бүр нэмж авах боллоо.
Энэхүү уралдаан нь жил бүр зохион байгуулагдах бөгөөд хамтран ажиллах ивээн тэтгэх байгууллага хувь хүмүүс байвал бидэнтэй холбогдоно уу.
УРАЛДААНД ИРҮҮЛСЭН ФОТО ЗУРГУУДЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Уралдааны болзол болон хугацааг энд дарж үзнэ үү, Монгол эсвэл Англи.


